Sunday, January 5, 2014

Яаж би...

Яаж би Амитаба шиг Бор гэртээ Богд мэтээр Бодол дүүрэн гэрэл түгээж Ботгон буйлаатай орчлонд Сэтгэл зөөлөн суухсан билээ...
Яаж би Амитаба шиг Сэтгэл гэгээн Орчлонд Сүүн цагаан энэрэл түгээж Сэмээрхэн одох цагийн давалгааг үл анзааран оршихсон билээ

Яаж би Амитаба шиг Урин зөөлөн цагийн Салхинаа илбүүлэн Учралын яруу эгшигт уусаж Мөнхөд жаргахын амтыг амсахсан билээ...

Яаж би Амитаба шиг Санасан бодсон бүхнээ Сар хүлээсэн тэнгэр дор гэрэлтүүлээд Салхин далдрах ахуйд хүрэхсэн билээ...

Яаж би Амитаба шиг Сэрэхүйн торгон гүнээс Сэтгэлийн бүлээхэн гэрэл тэмтэрч Ухаарахуйн сонор долгилох баяслын дээдийг шүргэхсэн билээ...

Яаж би Амитаба шиг Яруухан эгшиг сэдрээх Ялдамхан орчлонгийн сэвшээнд Ятгын утас доргих эмзэгхэн мэдрэмжийг хүртэхсэн билээ..

Яаж би Амитаба шиг Их давалгаан татрах Бодол бодлын тэнгисийг ширтэнхэн Ирэх цагийн бүлээхэн аялгуунаа уусахсан билээ...

Яаж би Амитаба шиг Эргэн алсрах хорвоогийн жамаас Эмзэгхэн халуун ялдам дөлгөөн цаг хугацааг шүргэхийн төдийд оргилохсон билээ...

Яаж би Амитаба шиг Энэ их орчлонгийн Сайн сайхныг тод мэдрэн Эрчилэн давалгаалах алсын мөрөөдлөө зөгнөхийн чинээнд жаргахсан билээ...

Яаж би Амитаба шиг Цасан цагаан жавар сэнгэнэсэн Ариун тунгалаг мэдрэмжийн будрах ширхэгт Шөнийн гэгээг сонордон сэрэхсэн билээ...

Яаж би Амитаба шиг Алсын алсаас гялалзах тэр оддын туяанд Алтран долгиолох Мэдрэхүйн чанадаас Аялгуу болон урсахсан билээ...

Яаж би Амитаба шиг Тэртээ алсад санагдах Цэлмэгхэн хязгаарын чанадаас Сэтгэлийн бүлээхэн илчээр мэлмэрэнхэн дуулахсан билээ...
АмитабаПагмасүрэн
2014-01-06 дээрх шүлгийг надад зориулан тэрлэсэн байна. Надад зориулсан тэрлэг болгоныг магтах нь зүйн хэрэг биз. 

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
;